Хоёр өвгөний хөөрөлдөөн буюу тархи нь хөдөлсөн Цахиагийн Элбэгдорж

НЭГ. БУРИАД ӨВГӨНИЙ ҮГ
Ардчилсан Ховлооны Эвлэгдорж хүвүүн зүсээн хувиргаа. Ойрноос түүний ярьж байгаа хэлж байгаа нь ойлгогдохоо болив. Арван найман жилийн тэртээ уранхай гуталтай, “Улаан-Од” сонины сурвалжлагч байхаасаа эхлэн ярьж хэлж байснаасаа бүр өмнөө ярих болж. Сонгуулийн хувь тэнцүүлсэн хувилбарыг дэмждэг, түүний төлөө тэмцдэг, ардчиллын Алтан хараацай, анхны азарган тахиа, эрхийн чинээ биетэй ч эр хонгор дуутай, хүлгүүлж л яваа хүвүүн гэж хөхиүлэн ажиглаж суув би. Тэхнээ нь зөнөг миний ухаан муудаа юу, хүвүүний минь тархи эргээ юу, ярьж хэлж байгааг нь ухаарахаа болив. Долгион зөрөөд барьж авч чадахаа байв. Хувь тэнцүүлэн сонгуулахын огт эсрэг, харин ч хувьчлан аминчлан сонгуулах тал дээр түүний байр суурь хатуу байгаа ажээ. Хувь тэнцүүлэн сонгох нь ардчилал гээшимнэ амин сүнс нь бишүү. Хүвүүн минь лусын хорлол болоо. Ёстой хэрэггүй муу хүвүүн. Ардчиллаасаа ухраа, нүүрээн буруулаа.

Хувьсгалт намын овлигогүй хэдэн шалдан банди Гуулин улсад очиж хаартласан болтой юм. Тэр Хүрэлсүх хүвүүн зүг нь овоо зөв, Хэнтэйхнээ чигт юм, зан нь овоо шазруун, нанчилдахаасаа буцахгүй юм, цус нь хаа холдоо, бас хаартлахтайгаа. Тэр лав буриад л хүвүүн байгаа бий. Нөгөө хэдэн шалдан банди нь юмны учир мэдэхгүй, хаартандаа ч маруухан шалдан гуянууд өөрийнхөө биш хүнээ мөнгөөр тогломоглоод, төр түмнэй баахан мөнгө цаасыг шувтраа гэлцэнэ. Хэдэн банди хаартлаа л биз, алдаа л биз, алдсан бол зон олноо хохиролгүй болгож, мөрий юмаа өгч, төлбөр ялбараа барагдуулж, чадахгүй бол жавтийгаа хүртэх л учиртай. Тэднийг өмөөрч яахмаанив. Шударга хүний дүр гаргах гээд байгаа юм уу, энэрэнгүй бурхны дүр эсгээд байгаа юм уу, хувьсгалт намынхнаа хошгируулаад байгаа юм уу бүү мэд. Тэр хэдииенхээ бүрэн эрхиие нь булаалгахгүй гэж төрийн дуумнээ зад мэтгэлцээ.
Хувьсгалт намын хунхууз, бага гарын хаартчин, луйварчин, халаасчин гэмт хэрэгтнүүдийг өмөөрөе гэхэд үг олдохгүй, хамгаалая гэхэд гар хөдлөхгүй баймаар атал тэднийг өөрсдийнхнөөс нь өрсөж өмөөрч үг унагаж яаж шадаж байнаа. Ононээ бургаахан соо осгож үхэхдээ таарсан, олойргүй шоронгийн тав байхаар заяа муутай тэднийг юунд үг хайрлахгүй өмөөрч, өр лүү минь өшиглөв. Эвлэгдорж хүвүүний минь тархи нь эргээ.
Тархины нь эргээ гараагүй байж шинэ жилийн мэндшилгээ дэвшүүлж, үг хэлж шоу болонхой. “Монголд одоо зүүний ч нам хэрэггүй барууны ч нам хэрэггүй. Монголд одоо зөв нам л хэрэгтэй” гээдэхэв. Ардчилсан гээш нам маань манайдаа л барууны чигтэй нам гээд бодоодохсон чинь хэрэггүй болж орхив. Хувьсгалт нам маань харин зүүн төвийн үзэлтэй ультра зүүний нам атлаа бас л хэрэггүй болж одов.
ХОЁР. ХАЛХ ӨВГӨНИЙ ҮГ
Намууд маань баруун зүүнээ мэдэхгүй баахан будилсны эцэст бүр Ардчилсан намын дарга Элбэгдорж маань баруун зүүн зүгээ олохгүй төөрч будилж эхлэв. Үүнээс хойш ертөнц аж байдлын зүг хийгээд ерөөс улс төрийн бодлогод зүүн, барууны зааг ялгаа үгүй болж, намуудыг зөвхөн “ЗӨВ” эсвэл “БУРУУ” нам хэмээн ялгах болжээ. Элбэгдорж хүүгийн “полиитлоогд” хийсэн нээлтийн үүднээс авч үзвэл хуучин МАХН төдийгүй АН ч өөрцгүй “БУРУУ” нам болж таарлаа. Хөвгүүний минь онолоор хуучин “БУРУУ” намууд ул болж шинэ “ЗӨВ” намууд зул болж, гагцхүү нарыг хэвээр үлдээх Ардчилсан Хувьсгалын хоёр дахь давалгаа айсуй. Тэрээр цааш нь “ЗӨВ” гэгдэх намуудыг “МАШ ЗӨВ”, “ТУЙЛЫН ЗӨВ”, “ГАРЦААГҮЙ ЗӨВ”, “БАРАГ ЗӨВ”, “ЗӨВ ГЭЖ БОЛНО” гэхчлэн ангилсан бөгөөд энэ ангилалд багтаагүй элдэв бусад намуудыг таны хэлдэгээр “түй шоорт” хэмээн нулимах аж.
Хэлсэн үг нь простой, хүнд ойлгогдохоор энгийн, гэвч энд тэндээс нийлүүлсэн эвлүүлмэл зүймэл учраас цаад нарийн санааг нь ойлгохын аргагүй. Энд тэндээс цуглуулсан эрээвэр үгийн комплетк нь “ЗӨВ” бодлого гэсэн шалгуурт таарч байгаа бололтой. “ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИЖ АМЬДАРЪЯ”, “АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНЭЭ ДЭМЖЬЕ” гэх зэрэг уриалга нь Буянгийн Жаргалсайханы сургаал зандралттай эгээ л ижил. Тэгэхээр БНН бол “ЗӨВ” нам болж таарч байна.
“МОНГОЛЫН БАХАРХАЛ БОЛ МОНГОЛ ХҮН ТА”, “Босоо соёмботой хөх тугтай, эрх чөлөөт эрэмгий монголчууд”, “Монголын талд эрх чөлөөний туг барьж боссон баатрууд”, “Тэнгэрийн заяат хоёр сая зургаан зуун мянган ЧИНГЭС энэ МОНГОЛ газар шороон дээр амьдарч байна”, “МИНИЙ МОНГОЛ МӨНХ ОРШИГ” зэрэг үгнүүдээс нь үндэсний бахархал, үндэсний үзэл ханхийнэ. М.Энхсайханы яриад байгаа үндэсний үзэлтэй энэ нь яв цав таарч тохирохын зэрэгцээ, хуулбарласан хурцалсан аль аль тал бийгээс харахад ҮШН бол “ЗӨВ” нам ажээ.
“ШИНЭ БОДЛОГО–ШИНЭ МОНГОЛ–ШИНЭ ҮЕ”, “ШИНЭ МӨРӨӨДӨЛ”, “ЗӨВ БОДЛОГО-ЗӨВ СОНГОЛТ” зэрэг нь Ж.Батзандан, О.Магнай нарын хэлж ярьж байгаатай үг үсгийн зөрүүгүй таарч давхцаж байна. Тэгэхээр Иргэний Хөдөлгөөний Нам бол гарцаа байхгүй “ЗӨВ” нам ажгуу.
“ИРГЭНИЙ ЭЗЭНТ НИЙГМЭЭ БАЙГУУЛЪЯ”, “ХУВЬСГАЛЫН ХОЁР ДАХЬ ШАТ”, “БҮГДЭЭРЭЭ АМЬДРАЛДАА ЭЗЭН БОЛЦГООЁ”, “Монголчууд Монголдоо золбоо хийморьтой амьдрах ёстой”, “Иргэд оролцдоггүй нийгэмд иргэний нийгэм төлөвшихгүй байна”, “Бид үүнийг хийж чадна” зэрэг үгнүүд нь Форумын Энхбатын хэлдэгтэй авиа тааруулж, дуу нийлүүлсэн юм шиг эгшиглэнэ. Дүгнэвэл Иргэний Холбооны хийгээд Ногоон Намын Энхбат бол гарцаагүй зөв ярьдаг зөв хүн бөгөөд, түүний сонголт ч бас зөв сонголт, түүний даргалж буй Ногоон Нам ч бас “ГАРЦААГҮЙ ЗӨВ” нам байхаас зайлахгүй.
“ТАЛХНЫ ҮНЭ НЭМЭГДВЭЛ АЛХНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ”, “Бид иргэнээсээ баян засаг байхыг зөвшөөрөхгүй”, “Халамжийг шүтэж биш хүний хөгжлийг шүтнэ”, “Хэрэгтэй үедээ намыг ч засгийг ч дуудаж ирээд үйлчлүүл” зэрэг бага зэрэг популист хэрнээ либертари үзэл баримтлалтай яв цав нийцэх үгс нь Л.Гүндалайн, либертари бодлоготой Ард Түмний Намыг “БАРАГ ЗӨВ” нам юм байна гэж ойлгоход хүргэнэ.
“Эх орон биднийг дуудаж байна, МОНГОЛ БОЛ ХҮҮГЭЭ, ОХИНОО ДУУДДАГ ЭХ ОРОН” зэрэг хэллэг нь Аугаа эх орны дайн болон Октябрийн хувьсгалыг санагдуулна. “Ард түмэн ашиг тусыг нь хүртдэггүй ардчилал бол ардчилал биш”, “хамжлагат ёсноос иргэдээ чөлөөлнө, албан тушаалтнуудын гинжнээс суллана” гэсэн нь Эв хамт намын тунхагийн “Бидэнд гинжнээс өөр алдах зүйл үгүй” гэсэнтэй агаар нэг, “УЛС ТӨРИЙН ЭРХИЙГ ИРГЭДЭД” гэсэн нь “Газрыг тариачдад, үйлдвэрийг ажилчдад, засгийн эрхийг зөвлөлүүдэд” гэсэн В.И.Лениний лозунгтай адил сонсогдож байна. “Бид ард түмнээ сонсож байна” гэдэг нь “Газар сайгүй цэцэг дэлгэрэг” гэсэн Мао Зэдуны уриалга шиг. “Мандан гарч байгаа нарыг буцаан жаргааж болох биш, Угтан ирж байгаа их үйл хэргийг буцаан эргүүлж болох биш” гэдэг нь “Бүх дэлхийг өөрчилж, гагцхүү нарыг хэвээр үлдээх Октьябрь” гэсэн шүлгийн мөртэй ая дан таарна. “Тэр жил хөр цасан дунд дөрвөн хөллөж буусан цагаан унага Монголын газрын зургийн энгээр өсөж, ир нь жагссан хурдан хүлэг болжээ” гэсэн өгүүлбэр нь
“…Хуучин Монголын сүргийн бэлчээрээс
Хувьсгалын морьдоо бид эмээллэж
Хөрөнгөт нийгмийн ангал дээгүүр
Хүлгийн хурдаар дүүлж гарсан юм… гэсэн Ардын хувьсгалын 60 жилийн ойн соцреалист ухуулгатай өргөлт цохилт нь хослон эгшиглэнэ. Үүнийг юу гэж ойлгох вэ? Арай МАХН ч бас “ЗӨВ” нам юм биш биз. Тэгвэл “БУРУУ” нам нь хаана байнаа. Ганцхан АН буруу нам болж таарч байна уу? Түүний хэлсэн үгс нь эрээвэр хураавар цуглуулга, онч мэргэн үгсийн оновчгүй дараалал, зохимжгүй хослол ажээ.
Сайн лекторын нь хувьд түүний хэлсэн үгэнд алгаа хорстол ташиж болох ч үзэл сурталчийн нь хувьд хүлээж авах зүйл юу ч үгүй болой. Тэрээр элдэв уран үгсийн цуглуулгадаа төөрч будилжээ. Эмхэлж цэгцэлж, боловсруулах оюуны цараа илэрхий дутаж гэм. Ийм ч хүн байгаагүй л юм сан.
Байсан ч юм уу хэн мэдэхэв. Харвард төгссөний нь бодоход байгаагүй л болов уу. Тэгвэл хэзээнээс ийм болчихвоо. Гайтай энэ зуны осол, гайтай тэр муу гэрэлгүй мотоцикль. Тэр ослоос хойш л тархи нь доргиод ой ухаанаа, санамжаа, үзэл бодлоо нэг мөсөн гээж, улс төрийн чиг баримжаагаа чиг мөргүй алдчихав уу даа. Улс төрчийн хувьд ийм мэдрэл муутай согогтой болсон нь, аваар осолын гэм хожим хойно тархинд үлддэг гэсэн ардын үгийг батлах мэт. Одоо ч олон үгтэй уймраа болж, хэлсэн үгэндээ ороогдож, татсан шүлсэндээ цацдаг болж эвий минь. Ийм ч хүн байгаагүй юм сан, хөөрхий. Бид мэдэлгүй яахав.
БУРИАД ӨВГӨН:
-Харин тийм гүм, Бурхан үзэг!
БОДОО