ГАЗАР БОЛ ГУРИЛ
СҮЙДСЭН ТАРИАЛАН БА 40 САЯ МАЛ
Хэдийгээр язгуураас нүүдэлчин малчин, шороо ухахыг цээрлэдэг зан заншлаар хэдэн мянган жил амьдарсан авч монголчуудад сүүлийн зуун жилд “атар эзэмшсэн” сайн, муу туршлага бас бий юм шүү. Үүнээс оносон ч бий, алдсан ч бий. 1980-аад онд жилдээ 800 гаруй мянган тонн үр тариа хураан авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй экспортлож байсан үе бий.
Малчин ард түмэн хэзээнээс тоодоггүй “мах идсэн” тариалангийн ажил эрхэлж, газрын үр шимийг хүртэж, тариаланч механикжуулагчдын бүтэн давхарга бий болсон юм. Тариаланг хөгжүүлэхийн тулд ажиллах хүчний нөөц ихтэй алс баруун аймгуудаас хүмүүсийг тариалангийн районууд руу татаж авчирсан билээ.
Монголчууд XX зууныг хүлээсээр бүдүүлэг тариаланг алгасаад техникжсэн орчин үеийн газар тариалангийн үйлдвэрлэлтэй шууд золгосон.
Тиймээс Монголд тариачин байхгүй, харин тариаланчид бол бий. Атрын аянаас өмнө Сэлэнгийн сав, Ховдын орчим, бас Увсын орчим тун багахан газарт тариалан эрхэлж байсан юм. Тариаланг хотонгууд бас хятад наймаа нар голчлон эрхэлж байсан ба Ховдын тариалан бол цэргийн хангамжийн зориулалттай байсан гэдэг. Мэдээж цөөн тооны монголчууд тариалан эрхэлж байсан. Тариачин байх нь муу юм биш л дээ. Гэхдээ л монголчууд тарилангийн хүнд хүчир ажлыг үзэж чаддаггүй байсан.
Манжийн шинэ засгийн бодлогоор Халхын тал нутагт тариа тарих хятадуудыг нүүлгэж ирэх гэснээс хоёр зуун жил холбоотон байсан Монгол-Манж хоёр тангараг тасарсан юм. Монголчууд хэрэв хятадууд босвол манж нарыг хамгаалах үүрэгтэй вассал байсан юм. Хэрэв монголчуудыг зүгээр л тусгаар орхисон бол Манж, хятадын аль алиныг нь зовоох байсан хэрэг. Гэвч ХХ зууны эхээр л хагас нүүдэлчин манж нар тариаланч хятадад ууссаныг ойлгосон хэрэг шүү дээ.
Үүнээс хагас зууны дараа оросууд Монголд тариалангийн суурийг тавилаа. Хэрэв хуучнаараа байсан бол монголчууд газраа хагалахыг эсэргүүцэх байсан, гэвч эхлээд 30 мянган хүний толгойг хагалсан учраас айгаад юм хэлж чадаагүй. “Эхлээд пушка, дараа нь Пушкинаа илгээнэ” гэж оросууд ярьдаг гэсэн. Тэр ч болж. Гэхдээ тариалан бидэнд хэрэгтэй. Ямар Орос, Хятадыг довтолж гурил олзолно гэх биш дээ? Харин энэ аянаар олон мянган жилийн уламжлалтай нүүдэлч малчдын амьдралаас салж, газар тариалангийн салбарт ажилладаг болсон хүмүүс, тэдний хойч үеийнхэн Сэлэнгэ аймагт бөөгнөрч амьдралаа босгох гэж зүтгэж байна.
Нэр томъёо хүртэл учиртай. Атар гэдэг нь огт хагалж байгаагүй онгон зэлүүд газар гэсэн үг юм. Атар эзэмших гэдэг нь шинэ газар хагалах гэдэгтэй агаар нэгэн сонсогдоно.
Гэхдээ атар эзэмших нэг, хоёрдугаар аянд бас сүүдэртэй тал байсан. Хогийн ургамлаас өөр ургах зүйлгүй улаан тойром болгоод хаясан нэг сая га Монголын сайхан газар нутаг, эвдэрсэн бэлчээр үлдсэн байна. Ер нь манайхан газар, ус хоёрын үнэ цэнийг ойлгодоггүй, эсбөгөөс хэтрүүлэн үнэлэх ажээ. Газар усыг шүтэн бишрээд огт ашиглахгүй байх нь зөв гэсэн туйлшрал бий. Эсбөгөөс бүгдийг ухаж сэндийлж, тариалж, баялгийг нь ухаж авах ёстой гэж ханцуй шамлан дайрна. Нөгөө талаас монголчууд “газар бол гурил” гэж л ойлгох тал бас бий.
Харин “Атар газар эзэмшсэний дараа 11 аймгийн 159 сумын нутагт тариа будаа тариалдаг болно, сая сая тонноор нь ургац хурааж, өлсгөлөн хятадад зарна” гэж хөөрцөглөж байгаад хагалаад хаячихсан 1,2 сая га газрыг одоо яах вэ? Манай коммунист дарга нар бүхнийг хар муйхраар шийдэж ирсэн захиргаадалтын аргаараа газар тариаланг хөгжүүлнэ гэж үзэж тараад “Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээрээ” сүйдэлж хаясан. Монголын хамгийн сайхан үржил шимтэй бэлчээрийн талбай одоо юу ч ургахгүй болж хогийн ургамалд дарагдан цөлжиж байна. Тэр үед Монголын малыг 40 байтугай, 30 сая хүргэх гээд бараагүй. Харин өнөөдөр хагалуулсан газар эдгэж, атаршиж эхлэхэд мал 40 сая хүрчээ. Одоо атар газрыг бус атаршсан газрыг эзэмших аян л эхлээсэй.
Энэ бол тариалан ба бэлчээрийн мал аж ахуйн өрсөлдөөн тэмцэл Монголд явагдаж буйн илрэл. Одоо тариаланг сэргээвэл мал хоргодох болов уу?
ГАЗРЫГ ХҮНДЭТГЭХҮЙ
Атрын гуравдугаар аянг зарламагц хамгийн түрүүнд газраа хамгаалах тухай асуудал босч ирж байгаа нь санамсаргүй тохиолдол биш. Гэхдээ дэлхий дахинаа хүнс тарианы хомсдол үнийн хөөрөгдөл ажиглагдаж байгаа бол бид хариу арга хэмжээ авах учиртай. Тэгэхгүй бол Америк, Орос, Хятадын нөөцөд байгаад хугацаа нь дуусахаас өмнө ядуу орнуудад тусламж болгон өгч далд оруулдаг чанар муутай гурил, буудайгаар голоо зогоож байсан 1990-ээд оны дунд үе дахин ирж болзошгүй. Одоо ч их сайнгүй л байгаа. Хэрэв бид хүнээс хараат бол хол явахгүй учраас энэ аян зөв юм. Гэхдээ газраа хайрлах тал дээр ихээхэн анхаарахгүй бол бид туйлшрамтгай шүү.
Дэлхий дахин “Газар бол амьдралын амин сүнс, аливаа баялгийн эх булаг” гэж үзэн газраа хямгатай ашиглаж, хайрлаж хамгаалж ирсэн. Нутаг нь манайхаас уулархаг афганичууд хүртэл “Угаадсаа тариалангийн газарт асгаснаас гоёлын дээл рүүгээ асгасан нь дээр” гэж ярьдаг. Одоо бид газрын үнэ цэнийг ойлгох цаг болсон. Газар бол хүн төрөлхтний амьдралын амин сүнс гэдгийг тариалан эрхлэгч суурин орнууд баталсан. Монголчууд ч бас үүнийг мэднэ. Өвөг дээдэс мань зуун зуун жил газраа хагалаад бус хагалалгүй хайрлаж иржээ. Харин өнөөдөр гамтай ашиглах цаг.
Дэлхийн 1, 2–р дайн бол үнэн хэрэгтээ алтны төлөө гэхээсээ газрын төлөө дайн байсан. Газрын төлөө улс бүхэн тэмцэлдэж ирсэн бөгөөд одоо ч тэмцэлдсээр л байна. “Өргөн уудам газар нутаг бол хөнгөн бодож довтолсон дайсны эсрэг ашиглаж болох хүчтэй хамгаалалт юм” гэж А.Гитлер хэлж байв.
Монголчууд яг л ийм философиор өөрийгөө хамгаалж ирсэн тул их газар колоничлогчдод алдсан ч өргөн уудам нутагтай үлджээ. Гэхдээ монголчууд газар, ус хоёроо хөсөр хаяж хэн дуртайд нь тасдан өгч байсан гашуун эмгэнэл ч бий. Увс нуурын баруун эргээс Алтанбулаг хүртэл 1000 гаруй километр зурваст дээд тал нь 40, доод тал нь 2 километр өргөн нутгийг оросуудад хадаг болгоод өгчихсөн билээ. “Увсынхан Давст уулаа Цэдэнбал даргад бэлэглэх ёстой байсан, гэтэл оросууд өрсөөд авчихсан” гэх онигоо бий.
Хоёр хөрштэй газрын асуудал ярихад монголчуудын хувьд нэг онцлог байдаг. Нүүдэлч ард түмэн учраас босоо чиглэлд нүүж, хаваржаа, намаржаа, зуслан өвөлжөөгөө сэлгэж байжээ. Гэтэл хаваржаа нь харьд, өвөлжөө нь Монголд үлдсэн байна. Хавар төрсөн Монголын иргэн төрсөн гэрйинхээ бууринд очиж чадахгүй. Өвөл төрсөн өвөрлөгч, буриад ч бас ялгаагүй наашаа ирж чадахгүй. Гэтэл аль аль нь л унасан газар угаасан ус гэж бодно. Энэ бол үндэстэн хуваагдахын гашуун зовлонгийн нэг хэсэг л дээ.
Хотжиж суурьшсан ч газрыг үнэ цэнийг мэдэлгүй ХХ зууныг өнгөрөөсөн монголчууд харин сүүлийн хэдэн жил М.Энхболдын наймаанаас л газар гэгч ямархан үнэтэй зүйл болохыг ойлгож байх шив. Зүг нь урагшаа хүн зөнгөөрөө газрын үнэ цэнийг сайн мэддэг бололтой юм.
ТАРИАЛАН СҮЙРСЭН ШАЛТГААН
1990 онд Ардчилсан хувьсгал ялахад Монголд тариалан эрхэлж байсан 45 сангийн аж ахуй, 151 нэгдлийн дарга нар 100 хувь, агрономич болон бусад удирдах ажилтны 79 хувь нь МАХН-ын гишүүн байсан.
Яг үнэн хэрэгтээ 1992 оноос Ш.Гунгаадарж, Р.Содхүү, Ж.Бямбаноров, Ц.Өөлд нарын томчууд л хамгийн үржил шимтэй газрыг хэдэн мянган га-аар нь булааж аваад салбарыг унагасан гэдгийг тэр үеийн САА-д ажиллаж байсан бүх хүмүүс ярьдаг. АН-аас С.Баярцогт л 6000 га тариалантай гэх юм билээ. Гэхдээ аав нь МАХН-ын хуучин кадр, Сэлэнгэ аймгийн намын дарга байсан хүн учраас хүү нь МАХН-ын ханын шийрнээс уяатай гөлөг шиг салж чаддаггүй бололтой юм.
Хэрэв тарилангийн газрыг онцгойлон үзэж, тариалангийн газрын хувьчлалыг мал хувьчлахтай зэрэг эрт эхлүүлж, хотын газрыг дамлах бус, тариаланчдад газрыг нь хувьчилж өгөөд үүгээрээ амьдар гэсэн бол тариаланчид харин тариа, ногоогоо яаж тарихаа хэнээр ч заалгахгүй байсан юм.
Даахгүй нохой булуу хураахын үлгэрээр дарга нарын гарт орсон тариалангийн сайхан талбайнууд атаршжээ. Харин аав ээжээс тариаланчийн ажлыг өвлөн аваад үргэлжлүүлэх учиртай хоёрдугаар үеийн тариаланчид хашааны газартаа л ногоо тарьж байлаа. Гэвч тэд ямар ч байсан сүүлийн жилүүдэд улсын хүнсний ногооны нийлүүлэлтийг даах хэмжээнд хүрч байх шиг байна. Тэдний ач буянаар жаахан үнэтэй ч гэсэн Монгол газрын ногоо идэх болсон юм шүү.
Оросоос хэт хараат энэ салбарыг бид өөрсдөө бас шинэ нөхцөлд зохицуулан авч явж чадаагүй. Хэт төвлөрсөн аж ахуйнууд харин энэ алдаагаа засахын тулд сүүлчийн коммунист С.Баяр шинэ аяныг зарлав уу даа?
Одоо эзгүй улаан цөл болсон хүний газар харж санаа алдсан тариаланчдад арзайж, хэрзийсэн эвдэрхий трактор комбайны сэг л үлдэж. Тариаланчдад үүнийг хувьчилж өгсөн юм. Газаргүй тариаланч трактор анжсаар юу хийх билээ? Энэ чинь буугүй анчинд сум өгсөнтэй адил. Тэд ярихдаа жилийн жилд татвар нэхээд байдаг хэнд ч хэрэггүй энэ зэвүүдийг төмрийн хаягдал авдаг газарт нь тушаачих юм сан, даанч хүргэж өгөх унаа унаш, мөнгө төгрөг алга” гэж доголон нулимстай ярьдаг.
Хэрэв тэд газартай байсансан бол энэ их техник, хуримтлагдсан хөрөнгө үрэн таран болохгүй байсан юм.