Монголын Засгийн газар дотоодын олигархиудаа хазаарлахын тулд оросуудын дэмжлэгийг авахаас өөр аргагүй болсон байна

Монгол Улсын Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү ОХУ-ын “НК Роснефть” компанитай нефт бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан нь олон нийтэд ил болж шуугиж байна. Улс төрийн талаас нь олон хэвлэл мэдээллийн байгууллага тайлбар хийж байгаа тул орхиод эдийн засгийн талаас нь харцгаая.
Юуны өмнө оросууд монгол нефт бүтээгдэхүүний зах зээлийн 10 хувийг Засгийн газраас бэлэг маягаар хүлээн авлаа. Энэ 10 хувьд бөөний болон жижиглэнгийн худалдааг хамтад нь багтаажээ. Хяналтыг хилээр орж ирж буй бүтээгдэхүүний тоо хэмжээг тогтоох замаар тавьж болно. Харьцангуй либералчлагдсан Монголын зах зээлд ийм орон зайг шударгаар олж авъя гэвэл оросуудад ихээхэн хүчин чармайлт, цаг хугацаа шаардлагатай юм л даа. Гэвч зөвхөн ашиг бодсоноороо Монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээлийг либералчлалаас олигополчлолд оруулсан компаниуд өөрсдийн алдаанаас болж зах зээлээ зүгээр л алдлаа.

Засгийн газрын гол бодлого нь зах зээлд дуртай үнээ тулган хүлээлгэж байгаа олигополжсон Монголын нефт импортлогч компаниудын хуйвалдааныг таслан зогсооход чиглэсэн гэж таамаглаж байгаа нь нэг их алдаагүй болов уу? Тайлбарлая. Монголын зах зээлийг хуваан эзэлсэн 10 орчим компанийн эзэд хэлэлцэж байгаад нэгэн зэрэг үнээ нэмсээр байгааг олон нийт ч, Засгийн газар ч зогсоож чадахгүй гэдэг нь батлагдсан. Нефт импортлогч компаниуд хоорондоо хэлэлцэн тохиролцож, хуйвалдаж эхэлснээс хойш энэ салбарт өрсөлдөөн зогсож, үйлчилгээний чанар муудаж, дураар авирлах явдал гаарч, хяналтаас гараад байгаа билээ.
Маш олон тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн сэтгэлзүйн шалтгааныг эдгээр компаниуд өдөөж байсан юм. Бараа бүтээгдэхүүний өртөгт хүчтэй нөлөөлдөг суурь үнэ, шатахууны үнийг атгаж байгаа компаниудын дураар авирлах нь инфляци, нийгмийн сэтгэл зүйн хямралыг байнга өдөөж байлаа. Шатахууны үнийг байнга шахам нэмсээр түүнд нь иргэд дасал болжээ. Гэвч энэ бүхэн иргэдийн амьжиргаанд ч, эдийн засагт ч хүчтэй дарамт болж байна. Эхлээд шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр нэмээд 20-30 төгрөгөөр буулгах маягаар, Д.Маам гуайн “Газар шороо” романд гардаг хятадуудын хэлдэг “ямхын онол”-оор шулдаг байсан компаниуд сүүлийн үед цагаандаа гарч шууд 100 төгрөгөөр нэмдэг болсон. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо тэдэнтэй яаж ч тэмцээд дийлэхгүйгээ мэдэж бууж өгч байх шиг байна. Лав сүүлийн хагас жилд шатахууны үнэ 25 хувиар өсөхөд хэрэглэгчид бухимдаж Засгийн газарт шахалт үзүүлэвч цаадуул нь дэлхийн зах зээлийн үнэ өсөж байна гэсэн шалтгаанаар захирагдалгүй өнөөг хүрсэн билээ. Ийм тохиолдолд яах вэ?
Мэдээж тэдгээр компаниудыг хааж болохгүй. Татвар яаж ч хөнгөлөөд олигопол эрхтэй компаниуд үнээ буулгадаггүй харин ч улам даварч, биеэ тоон үнээ нэмж, суларсан эргэлтийн хөрөнгөө зах зээлээ хатуу хянах, үнэ үндэслэлгүй нэмэх зорилгод ашигладгийг мах, гурилын импортын болон НӨАТ-ын чөлөөлсөн туршлагаас харж болно.
Махны үйлдвэрүүдийн шахалтаар Ц.Элбэгдорж НӨТ-өөс чөлөөлсөн ч татвараас чөлөөлөгдсөн мөнгөө мал, махыг хямд үед нь бөөнөөр худалдан авч дараад зохиомол эрэлт үүсгэхэд л ашигласан болохоос үнэ буулгаагүй, харин ч өсгөсөн гашуун түүх бий. Гурилын импортын татвар буулгасан ч мөн энэ аргаар их хэмжээний гурил худалдан авч нөөцлөх замаар үнийг зохиомлоор нэмсээр байна. Өнгөрсөн жилийн мөнгөний ханш 15 хувь хүрч, гиперинфляци бий болоход ердөө л гурилын болон шатахууны компаниудын эздийн шунал нөлөөлснийг шударгаар хэлэх ёстой.
Одоо улс төрчдийн бүлэглэлүүдийн хяналтад байдаг барилгын салбар ийм тогтолцоо руу эрчимтэй шилжиж байна. Цаашдаа бусад салбарууд, ялангуяа цөөхөн компаниуд хяналтаа тогтоосон, олигополжсон салбарууд иймэрхүү байдалд шилжих нь байна. Үүний дээрээс намууд, Засгийн газар ажлын байр бий болгохын оронд халамжийг нэмж, иргэдэд сул мөнгө олгоод эхэлбэл инфляц хяналтаас гарч, эдийн засгийн хүнд хямрал нүүрлэж болзошгүй байна. Үүнд хамгийн түрүүнд нийгмийн эмзэг давхарга, дараа нь дундаж давхарга нэрвэгдэж, улс төрийн хямралтай уялдвал “хувьсгал гарах” тохироо бүрдэнэ. Энэ талаар Сингапурын Ерөнхийлөгч Ли Куан Ю-гийн номоос уншиж болно.
Тиймээс өрсөлдөөнгүй царцаж, хуйвалдан нийгмийн ёс суртахуунаа алдсан компаниудыг шинэ өрсөлдөгчтэй болгохоос өөр зам байхгүй юм. Мэдээж шинэ өрсөлдөгч нь манай шатахууны импортыг хангадаг оросууд байх нь зүй. Хэрэв оросууд бензин хямд зарвал хэрэглэгчид Оросын байгуулах 100 шатахуун түгээх станцаас л авна. Уг нь монголчууд бидэнд үндэсний компаниудаа “өөд нь татах” санаа байвч тэд биднийг үргэлж “уруу татаж” үнээ үндэслэлгүй нэмж байсан тул одоо үйлийн үр эргэж хариугаа өгөх цаг ирсэн байна. Үүнээс сургамж авах эсэх нь тэдний асуудал. Чухамдаа Засгийн газрыг ийм алхам хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн гол шалтгааныг тэд л бий болгосон. Чухамдаа тэд л ард түмнийг зэрлэгээр мөлжиж байсан учраас одоо хариугаа авах цаг иржээ. Харин нефт импортлогчид одооноос маркетинг, менежментээ өрсөлдөөнт зах зээлийн нөхцөлд тохируулж эхлэх ёстойг сануулж зөвлөх ёстой.
Хэрэглэгчдийн тоо өсөхийн хирээр чөлөөт өрсөлдөөний үед үнэ буудаг. Үүрэн телефоны компаниудын чөлөөт өрсөлдөөн үүний баталгаа. Анх 1 минут ярихын тулд 150 төгрөг төлдөг байсан Мобикомын картын хэрэглэгч мөнгөний ханш унаад байгаа хир нь өнөөдөр тоон утгаараа 2 дахин бага үнэ төлж байна.
Бодат утгаараа 4 дахин буурсан байна. Гэтэл Монголд хэрэглэгч нь гар утаснаас дутахгүй хэмжээгээр өссөн шатахууны зах зээлд эсрэгээр үнэ 4 дахин нэмсэн нь энэ салбарт олигополчлол бий болсныг нотолж байна.
Энэ шалтгаанаар 1996 оны нефтийн хямралыг Засгийн газар импортын татвар тэглэх замаар даван туулж байсан туршлага 10 жилийн дараа үйлчлэхээ больсныг ч бид харж байна. Одоо нефт импортлогч компаниуд хэвлэлүүдийг худалдан авч, Засгийн газрын эсрэг өдөөн турхирах ажиллагаа эхлүүлнэ гэж мөрийцье. Ингээд Засгийн газар унана л биз. Гэхдээ аль аль нь хохирно. Засгийн газар энэ үнэнийг ард түмэнд ойлгуулах чадвартай хэвлэл мэдээллийн нөлөөллийн хүчин чадалтай бил үү?
Эцсийн дүндээ олигополжсон зах зээлийн мөлжлөг, хуучнаа санагалзах сэтгэхүйтэй нийлэхээрээ төрийн хатуу хяналтыг хүсэмжлэх уур амьсгал бий болгодгийг бид харж байна. Ингээд Монголд ОХУ-д болсон үйл явц давтагдаж угсаа залгамжлал ба төвлөрсөн авторитар засаглал сэргэж болзошгүй. Хатуу засаглал эхлээд сэтгэгчдийг дараа нь бизнесмэнүүдийг торны ард суулгадаг. Эхнийх нь хэт шударга байсныхаа төлөө, дараагийнх нь шударга бус байсныхаа төлөө…
Тиймээс дураараа үнэ нэмж, ёс суртахуунгүй ашиг олж байгаагийнхаа төлөө зах зээлийнхээ 10 хувийг алдаж байгаа компаниудын эзэд та нар алдсан нэр хүндээ сэргээж, монголчуудынхаа төлөө ажиллаж чадахгүй л бол зах зээлээ бүрмөсөн оросуудад алдаж, модоо барих цаг ирж байгааг анхааруулж, зөвлөх ёстой. Монгол бол шатахууны хувьд хараат, жижиг улс учраас энэ үзэгдэл зайлшгүй бөгөөд харин тэсч үлдэхэд ард түмний дэмжлэг л хэрэг болдгийг бодож үзэх байлгүй дээ.